Жирэмслэх магадлалтай өдрөө хэрхэн тодорхойлох вэ?
- cojinmed
- Apr 16
- 2 min read
Эр бэлгийн эс нь эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэнд 3-5 хоног амьдрах чадвартай. Харин өндгөн эс хагарснаас хойш 24 цаг амьдрах чадвартай байдаг. Тиймээс өндгөн эс хагарахаас 3-5 хоногийн өмнө болон өндгөн эс хагарах өдөр, хагарснаас 1 хоногийн дараа бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлалтай.
Жирэмслэх магадлалтай өдрөө тооцоолоход хамгийн эхэнд таны тодорхойлох ёстой зүйл бол биеийн юмны мөчлөг юм. Биеийн юмны мөчлөг гэдэг нь биеийн юм ирсэн эхний өдрөөс дараагийн биеийн юм ирэх эхний өдөр хүртэл хугацаа юм.
Дараагийн мэдэх ёстой зүйл бол биеийн юмны мөчлөгийг ойролцоогоор 28 хоног гэж үзвэл овуляци буюу өндгөн эс хагарах өдөр нь 14 дэх өдөр юм.
Өндгөн эс хагарах үеийг тодорхойлох аргууд:
Биед гарах өөрчлөлтөөр тодорхойлох.

Умайн хүзүүний шүүрэл нь өндгөн эс хагарахаас өмнө эстроген дааврын нөлөөгөөр ихэсдэг. Өөрөөр хэлбэл үтрээнээс доош гарах өнгөгүй, үнэргүй тунгалаг шүүрлийн хэмжээ нэмэгддэг. Энэ аргаар өндгөн эсийн хагарах хугацааг маш нарийн тодорхойлж болох талаар судалгаанууд байдаг. (Bigelow 2004; Scarpa 2006).
Биеийн дулаан нь өндгөн эс хагарснаас хойш прогестерон дааврын нөлөөгөөр нэмэгддэг. Энэ арга нь өндгөн эс хагарсны дараа тодорхойлоход илүү үр дүнтэй. Сүүлийн үед биеийн дулааныг тогтмол хэмждэг цаг болон утасны тусламжтайгаар дараагийн мөчлөгийн өндгөн эс хагарах үеийг тодорхойлох боломжтой болоод байна. (Fehring 1991; Webster 2020; Yu 2022).
Дээрх аргуудыг хамтад нь ашиглах нь илүү үр дүнтэй байна.
Шээсэнд даавар тодорхойлох

Гэрийн нөхцөлд шээсэнд даавар хянах замаар өндгөн эс хагарах үеийг тодорхойлох арга юм.
LH дааврын огцом өсөлт нь ихэвчлэн овуляциас 24–48 цагийн өмнө тохиолддог (Johnson 2015; Miller 1996). Жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд сарын тэмдгийн 7 дахь өдрөөс эхлэн үр тогтох боломжтой цонх дуусах хүртэл өдөр бүр шээсний тест хийхийг зөвлөдөг (Leiva 2017).
Олон эмэгтэйчүүд энэхүү тестийг жирэмсний тесттэй андуурдаг бөгөөд та эмийн сангаас Овуляцийн тест гэж хэлж авахыг зөвлөж байна.
Цусан дах дааврын шинжилгээ болон хэт авиан шинжилгээгээр илүү нарийн тодорхойлно.

Биеийн юмны мөчлөг нь тодорхой даавруудын хэмжээ, харилцан үйлчлэл дээр явагддаг. (Даавар - дэлгэрэнгүй мэдээлэл).
Эстроген, LH даавруудыг цусанд хэмжиж өндгөн эс хагарах үеийг тодорхойлох юм. Өндгөн эс хагарсныг баталгаажуулах зорилгоор Прогестерон дааврыг цусанд тодорхойлно.
Бага аарцгийн хэт авиан шинжилгээгээр өндгөн эс хагарах болж байгааг тодорхойлох боломжтой. Доминант фолликул нь 18-22мм хэмжээтэй болох нь өндгөн эс хагарахад/ялгарахад бэлэн болсон байгааг илэрхийлнэ.
Эдгээр шинжилгээний дараа эмэгтэйчүүдийн эмч танд бэлгийн харьцаа товлож өгнө.
35-аас доош насанд 1 жил, 35-аас дээш нас 6 сар оролдсон ч амжилттай жирэмслэхгүй бол манай төвд хандахыг танд зөвлөж байна.




Comments