Үр шилжүүлэх суулгах эмчилгээний дараагийн үе буюу Time-Lapse технологи
Time-Lapse /Таймлапс/ технологи гэдэг нь үр хөврөлийг хөгжлийг тасралтгүй хянах дүрс бичлэгийн технологи юм. Энгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед үр хөврөлийг өдөрт 1-2 удаа инкубатороос гаргаж микроскопоор хөгжлийг үнэлдэг бол Time-Lapse технологи нь үр хөврөлийг инкубатороос гаргах шаардлагагүйгээр инкубаторт зориулалтын камер суурилуулсан байдаг бөгөөд 5 минут тутамд зураг авч авсан зургуудыг нийлүүлэн бичлэг болгодог байна. Ингэснээр үр хөврөлийн хөгжлийг тасралтгүй (24/7) хянах боломжийг бүрдүүлдэг.

1997 онд Time-lapse микроскопыг үр хөврөлийн эсүүд хэрхэн хуваагддаг үйл явцыг судалахаар анх ашиглагдаж ирсэн. 2009 онд Дани улсын Fertilitech компани нь Embryoscope хэмээх төхөөрөмжийг үйлдвэрлэж 2011 оноос эхлэн Европын улсууд энэхүү технологийг эмчилгээндээ өргөн ашиглах болжээ. Өдгөө буюу 2012 оноос хойш Дэлхий даяар өргөн тархаад байгаа бөгөөд сүүлийн үед хиймэл оюун ухаан /AI/-тай хослуулан үр хөврөлийг сонгох үйл явцыг илүү сайжруулаад байна.
Time-Lapse технологийн давуу тал, үр дүн
- Үр хөврөлийг инкубатороос гаргахгүй хянах. Үр хөврөлд орчин өөрчлөлтийн стресс үүсэхгүй.
- Хэвийн бус хуваагдлыг илрүүлнэ. Зарим хуваагдлын үед 1 эс нь 3 эс болж хуваагдах эсвэл хуваагдсан эс буцаж нийлэх зэрэг хэвийн бус хуваагдал гардаг.
- Эсийн хуваагдлын цаг хугацааг нарийн бүртгэнэ.
- Үр хөврөлийн сонголт илүү олон мэдээлэл дээр үндэслэгдэн хийгдэнэ.
Тиймээс эмбриологич нар үр хөврөлийн хөгжлийн нэг агшныг бус бүх үе шатыг хянах боломжтойгоос гадна үйлчлүүлэгч нар ч үр хөврөлийн хөгжил яаж явагдсаныг өөрсдийн нүдээр харах боломжтой.




Comments