Өндгөвчний сэдээлт гэж юу вэ? Сэдээлтийн аргууд
- cojinmed
- 3 days ago
- 2 min read
Өндгөвчний сэдээлт (Ovarian stimulation) нь үргүйдлийн эмчилгээ, ялангуяа үр шилжүүлэн суулгах эмчилгээний (IVF) үед өндгөвчийг дааврын эм, тарианы тусламжтайгаар идэвхжүүлж, нэг мөчлөгт олон өндгөн эсийг зэрэг боловсруулан авах зорилготой эмчилгээний үе шат юм.
Хэвийн мөчлөгийн үед эмэгтэй хүний биед сар бүр нэг давамгайлагч (доминант) фолликул хөгжиж, нэг өндгөн эс гадагшилдаг.
Харин IVF-ийн үед илүү олон өндгөн эс гарган авах нь:
Илүү олон үр хөврөл үүсгэх,
Үр шилжүүлэн суулгалтад хамгийн чанартай үр хөврөлийг сонгох,
Хөлдөөж хадгалах боломж бүрдүүлэх,
Нийт жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сэдээлтийн үндсэн үе шат
1. Эмчилгээ эхлүүлэх
Сарын тэмдгийн 3 дахь өдрөөс нөхөн үржихүйн дааврын шинжилгээ, хэт авиан оношилгоогоор тухайн циклийг үнэлж, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн тохиолдолд өндгөн эс боловсроход шаардлагатай эм (clomiphene citrate, letrozole) тариа (FSH, LH даавар агуулсан) хэрэглэж олон өндгөн эс боловсруулахыг зорино.
2. Фолликулын өсөлтийн хяналт
Эмчилгээний явцад:
Үтрээний хэт авиан шинжилгээгээр фолликулын тоо, хэмжээ
Цусны шинжилгээгээр эстроген (E2) дааврын түвшин зэргийг тогтмол хянаж, сэдээлтийн эм тарианы тунг тохируулна.
3. Өндгөн эс бүрэн боловсруулж, ажилбарт бэлдэх (Trigger)
Фолликул 18–20 мм орчим болоход:
hCG эсвэл GnRH agonist тарьж өндгөн эсийг эцсийн шатанд боловсруулж, фолликулын хананаас чөлөөлнө.
(Зөөлөн сэдээлтийн үед GnRH agonist-ыг хамрын цацлага байдлаар ашигладаг)
4. Өндгөн эс соруулж авах ажилбар (Oocyte pick-up, OPU)
Trigger хийснээс хойш 34–36 цагийн дараа:
Хэт авиан хяналтын дор
Үтрээгээр өндгөн эсийг тусгай зориулалтын зүү ашиглан соруулж авна.
Өндгөвч сэдээлтийн аргууд:
Уламжлалт сэдээлт (өндөр тунт)
Зөөлөн сэдээлт (бага тунт)
Зөөлөн сэдээлт нь уламжлалт сэдээлтээс бага тунг ашиглан цөөн боловч өндөр чанартай өндгөн эс гарган авах зорилготой арга юм.
Энэхүү аргыг Японы Kato Ladies Clinic анх хөгжүүлсэн бөгөөд өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байна.
Гол ялгаа:
Үзүүлэлт | Зөөлөн сэдээлт (бага тунт) | Уламжлалт сэдээлт (өндөр тунт) |
Сэдээлтийн арга | Уух эм + бага тунгийн тариа | Зөвхөн өндөр тунгийн тариа |
Өндгөн эсийн тоо | 2–5 (Өндгөвчний нөөц сайн бол уламжлалт сэдээлттэй адил олон эс авах боломжтой) | 8–15+ |
Өндгөн эсийн чанар | Сайн | Тоонд илүү төвлөрдөг |
Эмийн хэрэглээ | Бага | Их |
Сэдээлтийн зардал | Бага | Өндөр |
Өндгөвч хэт сэдээгдэх (OHSS) эрсдэл | Маш бага | Илүү их |
Гаж нөлөө | Бага | Илүү их |
Үр хөврөл шилжүүлэн суулгалт | Ихэвчлэн олон үр хөврөлийн нөөцтэй болж хөлдөөж хадгалан, дараа нь байгалийн мөчлөг дээр шилжүүлэн суулгахыг зөвлөдөг. | Шууд эсвэл хөлдөөж |

Өндгөвч сэдээлт нь IVF эмчилгээний амжилтад шууд нөлөөлөх чухал шат бөгөөд зөв протокол сонгох, нарийн хяналт хийх нь:
хүндрэлээс сэргийлэх
чанартай өндгөн эс авч сайн үр хөврөлтэй болох
жирэмслэх боломжийг нэмэгдүүлэх гол нөхцөл болдог.
Иймээс тухайн хүний нас, дааврын түвшин, өндгөвчийн нөөц, эрүүл мэндийн байдал зэрэг хүчин зүйлсэд тулгуурлан эмчилгээний төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.
Манай төв нь өндгөвч сэдээлтийн үед зөөлөн сэдээлтийн протоколыг түлхүү ашигладгаараа онцлог бөгөөд эмчилгээг олон улсын удирдамж, стандартын дагуу туршлагатай эмч нар гүйцэтгэж, эмчилгээний явцад тасралтгүй хяналт, зөвлөгөө үзүүлдэг.
Та IVF эмчилгээ төлөвлөж байгаа бол мэргэжлийн эмчид хандан, өөрт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулуулахыг зөвлөж байна.




Comments